2009-09-02

Монголоо жигшиж тодрох


Саяхан сонин гарчиглаж байтал нэг гадаад яваад ирсэн сэтгүүлчийн сурвалжлага байна аа...өмнө нь олонтаа ажиглаж байсан нэг жигшмээр хандлага дахин илрэхээр нь тэсэлгүй энэ тэмдэглэлийг оруулчихлаа. Гадаадад байгаа зарим хүний монгол руугаа хандсан хандлагыг хэлж байгаа юм.

Гадаадад амьдардаг нэг монгол хүн хэлсэн байна: "Би уг нь сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллах гэсэн боловч хоёрхон жил тэсч ажиллаад буцаад хүрээд ирсээн. Хүнд суртал газар авсан, шинээр ажилд орж байгаа хүмүүс хөгжиж дэвших боломж тун удаан санагдаад, хамт олныхоо хэл ам хэрүүл тэмцэл атаа жотооноос залхаад, энд ингээд л ажиллаад амьдраад сууж байна.
Нэгмөсөн насаараа идэх хоолоо базааж аваад л хөгширсөн хойноо Монголдоо очиж нэг уулын аманд гэр бариад хүүхдүүдээ тойруулаад сайхан эмээ болно гэж мөрөөддөг"гэсэн байх юм. Үүнийг нь сурвалжилсан хүн нэлээд бахадсан шинжтэй илэрхийлжээ. Яг энэ хүний энэ үгэнд суурилж энэ хүнийг дүгнэж болохгүй нь мэдээж, ингэвэл өрөөсгөл болно. Харин энэ үгнээс сэжүүрлээд, гадаадад байгаа, эсвэл гадаадад байсан зарим хумүүсийн гаргадаг нэгэн хандлагыг жигшмээр санагдав. Зарим гадаадад байгаа, байсан нөхдүүд Монголыгоо гишгэсэн, өөрийнхөө бүтэлгүйг монгол руугаа, бусад руу чихсэн, өөрөө дундаас нь гарчихаад булан тойров уу үгүй юу эргэж муулсан, тэрэн дээрээ өөрийгөө рекламдах, товойх гэсэн гэнэн, жигшмээр хандлага цухалздаг.

Төрийн тэргүүн энд тэнд айлчлаад гадаад дах монголчуудтай уулзалт хийхэд ёс юм шиг хэн нэг нь босоод "хэзээ монголд надад ажлын байр бэлэн болох вэ? цалин хэзээ гадаад шиг өндөр болох вэ? хэзээ агаар цэвэр болох вэ? хэзээ зам харгуй сайжрах вэ? очиж сайхан амьдармаар л байна, би ууг нь чадалтай мундаг.." гэж ичихгүй заавал асуудаг, бэлэн юм нэхдэг, бусад нь хажуунаас нь толгой дохиж суудаг юм. Хэнээс хэн юу ч нэхээд байгаа билээ, хэн тэрийг нь бэлдэх ёстой, хэн тэрэнд ажлын байр гаргаж, агаар шороог нь цэвэршүүлэх юм бол доо...? Ийм тэнэг, болхи бодол, бэлэнчлэх үзлийг дэврээхгуй, жигшмээр, зогсоомоор байна..
Монгол, монголчууд бид нар өөрийн замаараа, байгаа боломжоороо, чадлаараа л урагшилж, бэдэрч л байна...бусдаас онцгой муухай ч юм алга, сайн ч юм алга, өөрийнхөө соёл, өвөрмөц байдлаараа шинэ бүхэнд хариу үйлдэл үзүүлээд, тэнэгтэхдээ тэнэгтээд, алдаж оноод л явж байна...монгол л юм чинь монгол шиг л байна шүү дээ...2009 оны Монгол 2009 оны л монгол байх болно. Ямар ч байсан монгол амьдарч байгаа бид бүхэн нөгөө утаан дунд, нөгөө хэцүү, байж болшгүй гээд байгаа нөхцөлд тэр болгоныг сайжруулах гээд зүтгэцгээж л байгаа шүү. Ямар ч байсан Монгол Улс урагшилж байгаа.

Үнэхээр санаа зовж байгаа бол өөрөө гардаад оролц, гэрээ зас...таныг хэн ч хориогүй, харин ч үүрэг нь байгаа. Монголыг хэн нэгэнтэй жишихдээ заавал уг суурь, соёл, түүх, хугацаа, гарааны нөхцлийг нь харьцуулж тунгааж бай! Хэн нэгнийг буруутгамаар бол, эх орноо муулмаар санагдвал ямар нөхцөлд байж байгаад ямар замаар ямар болж байгаа, түүх, соёл, хугацаа, боломж гэх мэт учир шалтгааныг нь бодож бай. Таны эмээ юм уу өвөөг өдөр бүр толгойгоо угаалгаж сургая гэвэл бүтэхгүй л байх. Иймд өчигдөхөн толгойгоо угааж сурчихаад хэзээ язааны юм шиг эмээ өвөөгөө битгий муучилж товой...гэмээр л санагддаг юм.

Гэхдээ гадаадад байгаа бүх хүн ийм хандлага гаргадаггүй бөгөөд ихэвчлэн мэдлэг чадвар хомс, өнгөцхөн хүмүүсээс л гардаг, харин тэр буруу хандлага нь дэврэн халих, шинэ үенийхэнд тархахвий гэсэндээ "жигшив".

Б.Найдалаа
2009-2-9

2 comments:

Лхагва said...

Harin tiimee,

Natsagdorj said...

Таны энэ нийтлэл одоо ч хуучраагүй байна. Гадаад амьдарч буй Монголчуудын насны ангиллыг тооцолбол 30-55 насных дийлэнхи нь байх вий.Албан бус тооцоогоор 200,000 давсан гэж багцаалдаг. Гэтэл энэ үеийхэн Монголын бүтээн байгуулалтад оролцох насаа харьд үнэлүүлж, хувиа бодож довоо шарлуулж яваа. Нийгэмд, улс төрд нөлөө бүхий масс. Гэтэл тэд гадаадад... Зүй нь Монголдоо байж залуу хойч үеэ хүмүүжүүлэхэд гар бие оролцох ёстой байсан бус уу? Залуусаас гарах буруу үйлийг буруушаахад дэмжих үеийн хүмүүс үгүй байгаа нь илт мэдрэгдэх болов. Tomoowoo