2011-02-10

Оросын тагнуулч

Зохиолч Pete Early-ийн "Оросын тагнуулч" хэмээх номыг Буянцогтоо андын санал болгосноор уншлаа. Олон хүнд хэрэгтэй байж мэдэхээр ном тул товч тэмдэглэл оруулая гэж бодов.

Зөвлөлтийн УАХХ(КГБ)-д хамгийн бага шатнаас нь эхлэн зүтгэж ирсэн, сүүлд Оросын Америк дахь тагнуулын байгууллагыг удирдаж байсан Сергей Третьяков гэж хүний бодит түүх, намтар тул маш сонирхолтой. Энэ номд зөвхөн энэ хүний намтрыг өгүүлсэн мэт боловч бидний туулж ирсэн соц болон одоо амьдраад байгаа нийгмийн бодит байдлыг ойлгоход маш хэрэгтэй зүйлсийг тодорхой дүрсэлжээ.
Олон улсын түвшинд, манай Монголд ч тагнуул хийсэн, хийж байсан гэж бие биеэ хардах, ял тулгах, том гүрнүүд дипломтатуудаа харилцан нутгаасаа хөөн гаргах гэх мэт үйл явдлууд байнга л гарч байдаг билээ. Тэр байтугай тагнуул хийсэн гэсэн хэргээр Монголд саяхан нэгэн төрийн албан хаагчийг дуулиантайхан тасалж, зөөлрүүлээд зөөлрүүлээд 5 жилийн ял оноов доо. Энэ бүхний учрыг бүрэн ойлгодоггүй юм гэхэд арай илүү ухах, бодитой төсөөлөлтэй болоход энэ номны агуулга туслана. Мөн хадгалж буй мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангах, өрсөлдөгч талын байж болох арга тактик, залийг тааж мэдэх, зангад орохгүй байх, ер нь л энэ талын мэдлэгийн хүрээг арай өөр өнцгөөс харуулсан, хэрэгтэй ном санагдав. Төрийн албанд өндөр тушаал эрхэлж байгаа, тодорхой нууцлалтай ажиллахаар томилогдож буй хүмүүст тухай бүр тусгайлан сургалт, таниулга хийдэг л байлгүй. Гэсэн хэдий ч энэ номыг нэг гүйлгээд харчихад илүүдэхгүй л байх.

Мөн төрийн гэлтгүй хувийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, мэдээлэл хадгалагч нарт сургалт хийх нэг сэдэв ч гаргаж болохоор сонирхолтой сэжүүр байгаа санагдав. Үнэндээ манай бизнесийнхний (төрийнхийг тодорхойлж мэдэхгүй, эрхбиш олон жилийн уламжлалт тогтолцоо арай ч тийм задгай биш байлгүй) мэдээллийн аюулгүй байдлын менежмент туйлын хангалтгүй түвшинд байгаа билээ. Мэдээллийн нууцлал гэж тодорхой баримт бичиг, гэрээ, бичиг цаас төдийг ойлгож байгаа бөгөөд мэдээлэл хадгалагч нар нь зөвхөн яг тэр сэдвээр, тэр асуудал, бичгийн талаар л ам нээхгүй гэсэн ойлголттой л байгаа юм. Дээр нь технологийн хөгжлийг дагаж мэдээлэлд хүрэх суваг олширч, аюулгүй байдлыг улам эмзэг болгож байдаг...

Хүний цаад мөн чанар нь бурханлаг биш, ямар ч хүн ба бүлэг шунал, амбиц, атаа жөтөө, өрсөлдөөнөөс ангид байж чаддагүй тул бие биеэ тагнах, чагнах, хорлох нь хэзээ ч арилахгүй зүйл бололтой. Одоо ч бид битүү тагнуулын сүлжээнд дунд ажиллаж, амьдарч байгаа нь тодорхой юм. Тагнуул гэхээр кинон дээр гардаг шиг булчинлаг биетэй мундаг зодоонч, ер бусын авьяаслаг "од"-оор төсөөлөх нь ташаа юм. Мөн заавал төрийн нууц, сейф рүү гэтэж, төрийн том албан хаагчидтай л харьцаж "тагнуулддаг" гэж бодох нь бүр буруу ажээ. Бидний энэ ташаа, гэнэн ойлголтыг энэ ном залруулж, арай өөр өнцгөөс харж, ойлгох боломжийг нээнэ гэдэг эргэлзэхгүй байна.

Мянга сонссоноос нэг уншсан нь дээр. Өөрсдөө уншаад үзээрэй, нэг их цаг зав шаардахаар хүнд агуулга, зузаан боть биш, гүйлгээд уншчихаар эд юм шүү.

2 comments:

Chuluunbaatar said...

Хэ-хэ. Наад номыг чинь сая Амазоноос авчихлаа.Сонирхолтой санагдав, уншаад үзье байз.

Ganzo said...
This comment has been removed by the author.